Гадаад бодлогын үзэл баримтлал

Mongolian

МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОДЛОГЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш олон улсын харилцаанд ноёрхсон хүйтэн дайн дуусч, бие биенийгээ сөрөн зогссон хоёр туйлт ертөнцийн бүтэц задарч, олон улсын харилцааны шинэ тогтолцоо бүрэлдэх үйл явц бэхжиж байна.
Хэдийгээр дэлхийн улс гүрнүүд нийгмийн хөгжлийн жам ёсоор, түүний дотор эдийн засаг, технологийн хөгжлийн шаардлагаар ойртож, харилцан уялдаа холбоогоо бэхжүүлэх нөхцөл бүрэлдэж байгаа боловч улс орнуудын шашин, үндэстэн хоорондын зөрчил нэмэгдэж үндсэрхэг үзэл газар авч, бүс нутгийн хэмжээнд болон тодорхой улс орны дотор зөрчил, мөргөлдөөн гарах магадлал багасахгүй байна. Дэлхийн социалист систем, Зөвлөлт Холбоот Улс задарсан нь түүний холбоотон байсан Монгол Улсын гадаад нөхцөл байдлыг эрс өөрчлөв. Эдүгээ хөрш хоёр оронд гарч буй томоохон өөрчлөлт нь Монгол Улсын гадаад орчинд шууд нөлөөлж байна.
Манай орны улс төр, нийгэм, эдийн засгийн байгууллын өөрчлөлт, шинэчлэлт улс үндэснийхээ ашиг сонирхлыг дээдэлсэн, бодит байдалд тулгуурласан гадаад бодлого явуулах аятай боломж бүрдүүлж байна.

Гадаад, дотоод эдгээр хүчин зүйлийг үндэс болгон Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг тодорхойлж байна.

   I. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

   II. МОНГОЛ УЛСЫН ГАДААД УЛС ТӨРИЙН БОДЛОГО

   III. ЭДИЙН ЗАСГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГО

   IV. ШИНЖЛЭХ УХААН-ТЕХНОЛОГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГО

   V.СОЁЛ, ХҮМҮҮНЛЭГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГО

Эхэнд очих

I. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.Тусгаар тогтносон, бүрэн эрхт Монгол Улс нь төрийн байгууламжийн хувьд нэгдмэл, ардчилсан ёс, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт эдийн засгийг эрхэмлэсэн улс бөгөөд улс төр, газар зүйн хувьд Ази тивд хоёр их гүрний дунд оршдог, далайд гарцгүй, хөгжиж байгаа орон юм. Монгол Улсын гадаад бодлого нь тус улсын Үндсэн хуульд тодорхойлон заасан үндэсний ашиг сонирхолд тулгуурлах бөгөөд Монгол Улсын гадаад, дотоод өвөрмөц байдал нь гадаад бодлогын зорилго, зарчим, чиглэлийг тодорхойлох үндэс болно.
2.Монгол Улсын гадаад бодлогын зорилт нь тус улс хүн төрөлхтний хөгжлийн жамыг даган бүх улс оронтой найрсаг харилцаатай байж, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэн, бүс нутгийн болон дэлхийн нөлөө бүхий улс гүрнүүдтэй улс төр, эдийн засгийн болон бусад ашиг сонирхлын шүтэлцээ бүхий харилцааны сүлжээ бүрдүүлэх замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бат найдвартай хангах явдал мөн.
3.Монгол Улс нээлттэй, эвсэлд үл нэгдэх бодлого явуулна. Өндөр хөгжилтэй улсуудын бодит сонирхлыг Монголд бий болгох бодлого баримтлахын хамт аль нэг улсаас хэт хамааралтай буюу хараат байдалд орохоос сэрэмжилнэ. Гадаад орнууд дахь Монголын сонирхлыг улс төр-эрх зүйн аргаар бататган хамгаална.
4.Монгол Улсын гадаад бодлогыг тодорхойлохдоо олон улсын харилцааны хөгжил, дэлхий дахины болон бүс нутгийн улс төрийн байдалтай нягт уялдуулж тэргүүлэх чиглэл, зорилтыг нь тогтоохдоо уян хатан хандаж байна.
5.Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг улс төр-дипломатын аргаар хангах, эдийн засаг, шинжлэх ухаан-технологийг хөгжүүлэх гадаад таатай нөхцөлийг бүрдүүлэх явдал гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байна.
6.Улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан-технологи, соёл хүмүүнлэгийн хүрээний гадаад харилцааны бодлого дотроос улс төрийн гадаад бодлого тодорхойлогч шинжтэй байна.

Эхэнд очих

II. МОНГОЛ УЛСЫН ГАДААД УЛС ТӨРИЙН БОДЛОГО

7.Монгол Улсын гадаад улс төрийн бодлого нь тус улсын аюулгүй байдлыг ханган бэхжүүлэх нэг гол хэрэглүүр бөгөөд түүний үр дүнг юуны өмнө тус улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолын ашиг сонирхол хэрхэн хангагдаж, олон улсын байр суурь хэр бэхжиж, нэр хүнд нь хэрхэн өсч байгаагаар тодорхойлно.
8.Монгол Улс аливаа улстай харилцахдаа бие биеийн бүрэн эрхт байдл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, хилийн халдашгүй дархан байдал, өөртөө засан тогтнох бүрэн эрхийг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, хүч үл хэрэглэх, маргаантай асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, эрх тэгш харилцан ашигтай хамтран ажиллах зэрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрэмд тодорхойлж, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн нийтлэг зарчим, хэм хэмжээг удирдлага болгоно.
9.Монгол Улс гадаад улс төрийн бодлогодоо энхийг эрхэмлэж, улс гүрэнтэй сөргөлдөхгүй байхыг аль болохоор чухалчилж, олон тулгуурт бодлого явуулна. Үндэснийхээ ашиг сонирхлыг ямагт дээдлэхийн хамт бусад улс, түншийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэнэ. Монгол Улсын үндэсний ашиг сонирхлыг шууд хөндөөгүй хөрш хоёр орныхоо маргаанд хөндлөнгөөс үл оролцоно. Цэргийн аливаа эвсэл, бүлэглэлд үл нэгдэх, нутаг дэвсгэр, агаар мандлаа аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй, гадаадын цэрэг, зэвсэг, түүний дотор цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй байх чиг шугам баримтална.
10.Монгол Улс олон улсын тавцанд ашиг сонирхлоо хоёр болон олон талт гэрээ хэлэлцээрээр батлагаажуулна. Олон улсын эрх зүйг хүндэтгэн сахиж, гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлнэ.
11.Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутгийн болон дэлхий дахины чанартай тулгамдсан асуудлыг шийвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйлсэд боломжийн хэрээр идэвхтэй хувь нэмэр оруулахыг чармайна. Чингэхдээ үндэсний ашиг сонирхол, үнэт зүйлс, тулгуур зарчмуудаа юуны өмнө удирдлага болгоно.
12.Монгол Улс гадаад улс төрийн бодлогоо хэрэгжүүлэхдээ дараах чиглэлийг баримтална:

  1. ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд аль нэгийг нь өрөөсгөлөөр дагахгүй, бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хамтын ажиллагаа хөгжүүлнэ. Чингэхдээ энэ хоёр оронтой харилцаж ирсэн уламжлал, эдийн засгийн хамтын ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзана;
  2. Монгол Улсын гадаад бодлогын хоёр дахь чиглэл бол АНУ, Япон, ХБНГУ зэрэг өрнө, дорнын өндөр хөгжилтэй гүрнүүдтэй найрсаг харилцаа хөгжүүлэх явдал мөн. Үүний хамт Энэтхэг, БНСУ, Тайланд, Сингапур, Турк, Дани, Нидерланд, Финланд, Австри, Швед, Швейцари зэрэг оронтой найрсаг харилцаа хөгжүүлж, тэдгээрийн эдийн засгийн болон бусад бодит сонирхлыг Монголд бий болгон зохистой түвшинд хүргэх бодлого баримтална;
  3. Монгол Улсын гадаад бодлогын гурав дахь чиглэл бол Азийн бүс нутагт байр сууриа бататгаж эндхийн улс төр, эдийн засгийн интеграцид оновчтой оролцох явдал мөн. Энэ зорилтын хүрээнд Ази, Номхон далайн чиглэл, түүний дотор Зүүн-хойд Ази, Төв Азийн чиглэлд түлхүү анхаарна. Монгол Улс бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлэх, хамтын аюулгүй байдлын механизм буй болгох үйл явцад идэвхтэй оролцоно. Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /АПЕК/-д элсэн орохыг зорино. Бүс нутгийн интеграцид орох нөхцөлийг юуны өмнө түүнд хамаарч буй улс орнуудтай хоёр талын харилцааг өргөтгөн хөгжүүлэх замаар бүрдүүлнэ;
  4. Монгол Улсын гадаад бодлогын дөрөвдэх чиглэл нь Нэгдсэн Үндэстний Байгууллага болон түүний төрөлжсөн байгууллагууд, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг санхүү-эдийн засгийн байгууллагуудтай хамтран ажиллах явдал байна;
  5. социалист хамтын нөхөрлөлийн гэгдэж байсан орнууд, шинээр тусгаар тогтносон улсуудтай найрсаг харилцаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тав дахь чиглэл байна. Эдгээр улстай харилцахдаа өмнөх харилцааны нааштай өвийг бататгахыг чухалчлахын хамт харилцаагаа шинэ нөхцөлд зохицуулан хөгжүүлэх бодит боломжийг харгалзан уян хатан хандана. Тухайлбал Дорнод Европоос Польш, Унгар, Чех улстай, мөн Казахстан, Украин, Беларусь, Киргизстан, Узбекстан улстай харилцаагаа түлхүү хөгжүүлэхэд анхаарна;
  6. хөгжиж байгаа орнуудтай найрсаг харилцаатай байж, нийтлэг зорилтоо шийдвэрлэх үүднээс бодит боломжийн хэмжээнд тэдгээртэй хамтран ажиллах явдал Монгол Улсын гадаад бодлогын зургаа дахь чиглэл байна. Энэ зорилтыг хоёр талын харилцааны хүрээнээс гадна голчлон олон улсын байгууллага, хөдөлгөөний хүрээнд, тухайлбал Нэгдсэн Үндэстний Байгууллага, "77"-гийн бүлэг, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн зэрэгт хамтран ажиллах замаар хэрэгжүүлнэ.

13.Монгол Улсын гадаад улс төрийн бодлогын чиглэлүүдийг харгалзан тус улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын байршлыг тогтоож, гадаад улс төрийн бодлого хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлнэ.
14.Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газарт эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн талаар өндөр мэдлэг боловсролтой боловсон хүчин оролцуулан томилж ажиллуулах зарчим баримтална.

Эхэнд очих

III. ЭДИЙН ЗАСГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГО

15.Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааны бодлогын үндсэн зорилго нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын үндсэн дээр тус Улсын эдийн засгийн хэтийн болон цаг үеийн зорилтыг зохистой шийдвэрлэхэд гадаад хүчин зүйлийг оновчтой ашиглах, улмаар улс орны эдийн засгийг бүс нутгийн интеграцид өөрийн гэсэн байр суурьтай болгоход оршино.
16.Гадаад улс орнуудтай эдийн засгийн харилцаа хөгжүүлэх, хамтран ажиллахдаа эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх, аль нэг орноос хэт хараат байдалд орохоос сэрэмжлэхийн хамт олон улсын аж ахуйн харилцааны зарчим, хэм хэмжээг баримтлан эрх тэгш, харилцан ашигтай байх, хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх, улс төрийн болон бусад даралт шахалтад автахгүй байх нөхцөл бүрдүүлэх бодлого явуулна.
17.Эдийн засаг, гааль, худалдааны тусгай бүс байгуулах, хамтарсан буюу гадаадын дагнасан хөрөнгө оруулалттай үйлдвэр байгуулах, концесс олгох зэрэг хөтөлбөрийг улс төр, эдийн засгийн үр дагаврыг нь нарийн тооцож үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахгүй, эдийн засгийн үр ашигтай байхуйцаар ашиглана.
18.Үндэсний ашиг сонирхолд ихээхэн нөлөө бүхий төслийг хэрэгжүүлэхдээ хамтран ажиллах улс буюу түншийг улс төрийн ашиг сонирхлын үүднээс сонгохыг чухалчилна.
19.Гадаад өрийн асуудлыг улс орны эдийн засгийн аюулгүй байдалд хохиролгүйгээр зохицуулж, зээлийг эгүүлэн төлөх баталгааг нь нарийн тооцож зөв тогтоосны үндсэн дээр авч, үр дүнтэй ашиглана.
20.Монгол Улс эдийн засгийн гадаад харилцааг хөгжүүлэхдээ дараах үндсэн чиглэл баримтална:

  1. эдийн засгийн гадаад харилцааны үйл ажиллагааг улс орны эдийн засгийн чадавхи, экспортын чиглэлийн нөөцийг өсгөн нэмэгдүүлэх, эдийн засгийн дэд бүтцийг бүрэлдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
  2. Монгол Улсын эдийн засгийн түүхий эд зонхилсон чиглэлийг өөрчилж, оновчтой бүтцийг бүрэлдэхүүлэхэд чиглэсэн үндсэн салбаруудыг хөгжүүлэх шаардлагатай уялдуулан эрдсийн болон мал, амьтан, ургамлын гаралтай түүхий эдийн боловсруулалтын түвшинг хамгийн үр ашигтай хэмжээнд хүргэж, дэлхийн зах зээлд өрсөлдөх бүтээгдэхүүн үйлдвэрлэх;
  3. одоо байгаа үйлдвэрүүдийг орчин үеийн шилдэг техник, технологиор шинэчлэн тоноглох, хүнс, хөнгөн үйлдвэр, уул уурхай, хими, биотехнологи, шинэ материалын зэрэг экспортын чиглэлтэй аж үйлдвэрийг өөрийн орны түүхий эдэд тулгуурлан хөгжүүлэх чиглэл баримтлах;
  4. экспортын чадавхийг дээшлүүлэхдээ алт, зэс, молибден, уран зэрэг эрдэс түүхий эдийг боловсруулах, бзүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулж, дэлхийн зах зээлд өрсөлдөх бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гадаад орнуудтай хамтран ажиллах;
  5. монголын экспортын бүтээгдэхүүний зах зээлийг өргөтгөх;
  6. улс орны түлш-эрчим хүч, зам тээвэр, харилцаа холбоо зэрэг дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, далайн боомт хүрэх, дамжин өнгөрөх зам тээврийн таатай нөхцөл бүрдүүлэх;
  7. олон улсын, ялангуяа Зүүн-хойд Азийн зам, тээвэр, мэдээлэл, харилцаа, холбооны сүлжээнд нэгдэж орох;
  8. импортыг орлуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлтэй дунд, жижиг үйлдвэрийг хөгжүүлэхэд гадаадын зээл тусламж, технологи авах бодлого баримтлах;
  9. монгол орны байгаль, түүх, соёлын өв санд түшиглэн олон улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх, материаллаг баазыг нь бэхжүүлж, үйлчилгээг дэлхийн түвшинд хүргэх;
  10. гадаад худалдааны нэн тааламжтай нөхцөл олох, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авах статусыг тодорхой хугацаанд хадгалах.

Эхэнд очих

IV. ШИНЖЛЭХ УХААН-ТЕХНОЛОГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГО

21.Шинжлэх ухаан-технологийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны гол зорилго нь улс орны эдийн засаг, үйлдвэрлэлийн эрчимтэй хөгжлийн хөдөлгөгч хүч болохуйц, бүс нутаг, тив, дэлхийд өрсөлдөх чадвартай үндэсний шинжлэх ухаан, техник, технологийн орчин үеийн чадавхийг бүрэлдүүлж хөгжүүлэхэд гадаад хүчин зүйлийг бүрэн ашиглах явдал мөн.
22.Улс орны хүн хүчний болон байгалийн нөөц баялаг, нийгмийн онол, сэтгэлгээний түвшин, бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн өвөрмөц соёл иргэншлийн хэв шинжид тохирсон мэдлэг, оюуны сан хөмрөгийг дэлхийн шинжлэх ухаан, техник, технологийн ололтоор баяжуулах зарчмыг мөрдлөг болгоно.
23.Монгол Улс шинжлэх ухаан-технологийн салбарын гадаад харилцааны бодлогыг хэрэгжүүлэхдээ дараах үндсэн чиглэл баримтална:

  1. үйлдвэрлэл, үйлчилгээнд дэвшилт арга технологи нэвтрүүлэх. Чингэхдээ оюуны их багтаамжтай технологийг сонгон нэвтрүүлэхийг эрхэмлэх. Эрдэс түүхий эд, мал, ургамлын гаралтай түүхий эд, сэргээгдэх эрчим хүчний зэрэг технологийг нэвтрүүлэхэд түлхүү анхаарах;
  2. шинжлэх ухаан-технологийн үндэсний мэдээллийн сүлжээг олон улсын мэдээллийн сүлжээнд холбох;
  3. оюуны өмч, шинжлэх ухаан-техникийн салбарт хоёр болон олон талын хамтын ажиллагааг хөгжүүлэх.

Эхэнд очих

V. СОЁЛ, ХҮМҮҮНЛЭГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГО

24.Соёл, хүмүүнлэгийн гадаад харилцааны гол зорилго нь монгол туургатны соёл иргэншлийг хамгаалах, соёлын өвөрмөц өв уламжлалыг арвижуулж, дэлхийн соёлын нийтлэг ололтоор баяжуулах, түүх соёлын үнэт зүйлсээ сэргээх, хальж гарсан зүйлсийг сурвалжлан олох, шинэ нөхцөлд ажиллах чадвартай үндэсний боловсон хүчин бэлтгэх зэрэгт соёлын хамтын ажиллагааг чиглүүлэх, улс орноо гадаадад таниулах, Монгол Улсыг сонирхогч, талархагчдын эгнээг өргөтгөх, бусад орон дахь Монгол судлалыг хөхүүлэн дэмжих, улс түмнийг танин мэдэх, тэдэнтэй харилцан ойлголцох, итгэлцэх явдлыг нэмэгдүүлэхэд оршино.
25.Соёл, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллахдаа төрийн болон ардын дипломатын аргыг хослуулах, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн хүндэтгэх, эрх тэгш харилцан ашигтай байх зарчмыг баримтална.
26.Монгол Улс хүмүүнлэгийн салбарын гадаад харилцааг хэрэгжүүлэхдээ дараах чиглэл баримтална:

  1. гадаад орнуудтай эрх зүйн өргөн хамтын ажиллагаа хөгжүүлж, гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх, ашиг сонирхол, аюулгүй байдлыг хамгаалах;
  2. хилийн чанадад орших монгол үндэстнүүдтэй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, хэл, соёл, уламжлалаа хадгалан хөгжүүлэхэд бие биеийгээ харилцан дэмжих, тэдний зүгээс Монгол Улсын хөгжил, дэвшилд үзүүлэх дэмжлэг туслалцааг авах;
  3. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд хор хөнөөл бүхий харгис урсгал, бүлгийн нөлөөллөөс урьдчилан сэрэмжлэх арга хэмжээ авч байх;
  4. зах зээлийн эдийн засаг, улс төр, эрх зүй, менежмент, маркетинг болон тус улсын шинжлэх ухаан-техникийн дэвшлийн тэргүүлэх чиглэлээр өндөр хөгжилтэй орнуудад оюутан сургах, мэргэжлийн удирдах ажилтан, мэргэжилтэн бэлтгэхийг урьтал болгох, чингэхдээ олон улсын тусгай болон хөгжингүй орны төрөлжсөн сан, улсын ба хувийн их, дээд сургууль, байгууллагын зардлаар оюутан сургах, боловсон хүчний мэргэжил дээшлүүлэх, эрдмийн зэрэг хамгаалуулах, нарийн мэргэшлийн ажилчин бэлтгэх, гадаадаас өндөр мэргэжлийн багш, эрдэмтдийг урьж ажиллуулах зэрэг боломжийг ашиглах;
  5. гадаад орны ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургалтын шилдэг арга технологи, зохион байгуулалтыг судлан тус улсын онцлогтой уян хатан хослуулан авч хэрэглэх;
  6. Монголын түүх, соёлын дурсгалт болон байгалийн өв, үнэт зүйлсийг нөхөн сэргээх, хамгаалах, улс түмний хүртээл болгох талаар түүх, шашин, соёлын нийтлэг өв бүхий Азийн орнууд, сонирхогч бусад орон, ЮНЕСКО, олон улсын холбогдох бусад байгууллагатай хамтран ажиллах;
  7. боловсрол, соёл, урлаг, спорт, олон нийт, мэдээллийн олон улсын байгууллага, сангуудтай идэвхтэй харилцах, шаардлагатай гэрээнд нэгдэн орох, ижил төрлийн байгууллагуудын хооронд шууд харилцаа тогтоон хөгжүүлэх, эрдэмтэн, багш, уран бүтээлч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид, тамирчид, жуулчинд солилцох явдлыг дэмжих, соёл, урлаг, спортын олон улсын арга хэмжээнд үр ашигтай оролцох, ийм төрлийн арга хэмжээг эх орондоо зохиох;
  8. улс орны экологийн аюулгүй байдлыг хангах, экологийн тэнцвэрийг хадгалах, байгаль орчныг хамгаалах гадаад тааламжтай нөхцөлийг бүрдүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх.