Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага

Mongolian

МОНГОЛ УЛС, ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ,
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА(ЕАБХАБ)-ЫН
ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ЛАВЛАХ

Монгол улс олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын тогтолцоо, яриа хэлэлцээний механизмуудад нэгдэн орох гадаад бодлогын зорилтын хүрээнд явуулж ирсэн идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд олон улсын харилцаа, аюулгүй байдал, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлыг хэлэлцэн, бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй оролцдог ЕАБХАБ-ын Хамтын ажиллагааны түншээр 2004 оны 12 дугаар сард Болгарын нийслэл Софи хотноо болсон тус байгууллагын Сайд нарын Зөвлөлийн 12 дугаар хуралдааны үеэр хүлээн зөвшөөрөгдөн Азийн тав дахь улс нь болон нэгдсэн. 2004 оны 12 дугаар сарын 6-7-нд болсон Гадаад хэргийн сайд нарын энэхүү хуралдаанд Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил тэргүүтэй төлөөлөгчид оролцсон.

Манай улс ЕАБХАБ-ын Хамтын ажиллагааны хамгийн шинэ түнш орны хувьд тус байгууллагын үйл ажиллагаатай нарийвчлан танилцаж, Сайд нарын Зөвлөлийн болон Байнгын Зөвлөлийн хуралдаан, Эдийн засгийн чуулга уулзалт, Хүний хэмжигдэхүүний хэрэгжилтийн талаарх уулзалт, Хамтын ажиллагааны түнш орнуудтай хамтран зохион байгуулдаг бага хурал зэрэг гол гол арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцохыг эрмэлзэхийн зэрэгцээ хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлон үр бүтээлтэй хамтран ажиллахад анхаарч ирлээ.

ЕАБХАБ БНСУ-тай хамтран “Аюулгүй байдалд учирч буй шинэ аюул занал, шинэ тогтолцоо” сэдвээр 2005 оны 4 дүгээр сарын 25-27-нд Сеүл хотноо зохион байгуулсан бага хуралд ГХЯ-ны БТМҮГ-ын захирал Б.Сувд, 2005 оны 5 дугаар сарын 22-27-нд Хүн ам зүй, хүн амын нүүдэл, суурьшлын асуудлаар болсон ЕАБХАБ-ын Эдийн засгийн форумын 13 дугаар хуралдаанд Вена дахь Байнгын төлөөлөгч Л.Энхтайван, 2005 оны 9 дүгээр сарын 19-30-нд Варшав хотноо болсон Хүний эрхийг хангах үүрэг амлалтын хэрэгжилтйин талаарх уулзалтад Варшавт суугаа Элчин сайд Т.Баасансүрэн, 2005 оны 12 дугаар сарын 5-6-нд Люблянад болсон ЕАБХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн 13 дахь уулзалтад Венад суугаа Элчин сайд Л.Энхтайван тэргүүтэй төлөөлөгчид тус тус оролцсон бол 2006 оны 5 дугаар сарын 22-24-нд Прагад болсон Эдийн засгийн чуулга уулзалтад Элчин сайд О.Энхтөр, 2006 оны 10 дугаар сарын 2-13-нд Варшав хотноо болсон Хүний эрхийг хангах үүрэг амлалтын хэрэгжилтийн талаарх уулзалтад Варшавт суугаа Элчин сайд Т.Баасансүрэн, 2006 оны 10 дугаар сарын 2-3-нд Киргизстаны Иссык-Кульд болсон цагдаагийн ажилтнуудын бүс нутгийн симпозиумд ЦЕГ-ын ГХХ-ийн дарга М.Хоролсүрэн, НЦГ-ын ГХУСА-ны ОНХХ-ийн дарга М.Насанжаргал нар оролцжээ.

2006 оны 6 дугаар сард БНАУ-д албан ёсны айлчлал хийсэн ХЗДХ-ийн сайд Д.Одбаяр тэргүүтэй төлөөлөгчид ЕАБХАБ-ын ЕНБД Марк Перрин де Бришамбо-той уулзаж, хууль сахиулах, цагдаагийн байгууллагын салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон нь тус байгууллагатай хамтран ажиллах тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлоход чухал алхам болов.

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Н.Энхболдын урилгаар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага(ЕАБХАБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Марк Перрин де Бришамбо манай улсад 2006 оны 10 дугаар сарын 8-10-нд албан ёсны айлчлал хийсэн нь ЕАБХАБ-тай тогтоосон хамтын ажиллагаагаа урагшлуулахад чухал ач холбогдолтой байв. Энэхүү айлчлал нь ЕАБХАБ-ын тэргүүний манай улсад хийсэн анхны айлчлал байсны дээр Их Монгол Ус байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хэрэгжсэнээрээ онцлог байв.

Ерөнхий нарийн бичгийн дарга манай улсад хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын даргад бараалхаж, Гадаад хэргийн сайд Н.Энхболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр нартай уулзаж хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон.

Эдгээр уулзалтын үеэр Монгол Улс ЕАБХАБ-тай хамтран ажиллах түнш орны статустай орны хувьд тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, тухайлбал, хил хамгаалах менежмент, цагдаагийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх, хүн наймаалахтай тэмцэх зэрэг чиглэлээр хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, эл асуудалд дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий нарийн бичгийн даргаас хүссэн болно.

Айлчлалын үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Хууль зүй, дотоод хэргийн яаманд зочилж, ЕАБХАБ-аас явуулж буй үйл ажиллагааны талаар манай хүчний байгууллагын офицер, мэргэжилтнүүдэд лекц уншиж, зарим асуултад хариулт өгсөний дээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст зочилж үйл ажиллагаатай нь танилцсан нь ач холбогдолтой болсон гэж үзэж байна.

2006 оны 12 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд Брюссель хотноо болсон ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 14 дүгээр хуралд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Бэхбат тэргүүтэй төлөөлөгчид оролцон Монгол Улс ЕАБХАБ-ын үндсэн зарчим, зорилтуудыг дэмжиж, аюулгүй байдлыг хангахад түүний улс төр, эдийн засаг болон хүний хөгжлийн хэмжигдэхүүнд цогцоор хандсан хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байдгийг дахин нотолж, ЕАБХАБ, түүний гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс хууль сахих, ардчиллыг бэхжүүлэх талаар үндэсний болон олон улсын хэмжээнд идэвх чармайлт гаргаж байгаа бөгөөд Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын 5 дугаар бага хурлын даргаар өнгөрсөн 3 жилийн ажиллах хугацаандаа ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлт, ардчиллыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулж ажилласныг дурдаж, эл чиглэлээр ЕАБХАБ-ын гишүүн орнуудтай цаашид туршлага солилцож, хамтран ажиллахад бэлэн байгаагаа мөн илэрхийлсэн бөгөөд ЕАБХАБ-тай хамтран 2007 оны 6 дугаар сард Монгол-ЕАБХАБ олон улсын бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар манай улс шийдвэрлэснийг ЕАБХАБ-ын сайд нарын зөвлөлд албан ёсоор мэдэгдсэн болно.

2007 оны 3 дугаар сарын 25-27-нд Казахстаны Алматы хотод зохиогдсон Газрын минийн асуудлаарх семинарт зохион байгуулагчдын зардлаар төвөөс 2 хүн оролцуулсны дээр 2007 оны 5 дугаар сарын 21-23-нд Прага хотноо хуралдсан ЕАБХАБ-ын Эдийн засаг, байгаль орчны 15 дугаар чуулга уулзалтад Элчин сайд О.Энхтөр, ЭСЯ-ны зөвлөх С.Нямсүрэн нар оролцов.

Манай улс ЕАБХАБ-тай хамтран 2007 оны 6 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болон түүний Азийн түнш орнуудын хооронд хамтын аюулгүй байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт бага хурлыг зохион байгуулсан.

Бага хуралд ЕАБХАБ-ын 21 гишүүн орон, 6 түнш орон, АРФ-ын зарим гишүүн орон нийтдээ 31 улс орон, түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, АСЕАН-ы нарийн бичгийн дарга нарын газар, Азид хамтран ажиллах, илтгэлцлийг бэхжүүлэх зөвлөлгөөн зэрэг олон улсын бусад байгууллагын нийт 90 гаруй төлөөлөгч оролцов. Манай улсаас ГХЯ, ҮХЯ, ЗТАЖЯ, ХЗДХЯ, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, ҮАБЗ-ийн дэргэдэх Стратеги судалгааны институт, Монголын Хөгжлийн Стратегийн институт зэрэг байгууллагаас 20 гаруй төлөөлөгч оролцсон байна.

Бага хурлын үеэр сэдэвчилсэн 3 хуралдаан болж, нэгдүгээр хуралдаанаар ЕАБХАБ-ын Азийн түнш орнууд, ЕАБХАБ-ын оролцогч орнуудын хооронд яриа хэлцээ, хамтын ажиллагааг бэхжүүлэх арга зам гэсэн сэдвээр ярилцсан. Энэхүү сэдвийн хүрээнд ЕАБХАБ-ын түнш орнууд тус байгууллагын хэм хэмжээ, зарчим, үүрэг амлалтыг сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлэх ажлыг урагшлуулах, түүний дотор ЕАБХАБ-тай цаашид хамтран ажиллах асуудал, ЕАБХАБ, Азийн түнш орнууд хоорондын түншлэлийн өнөөгийн асуудлуудыг авч хэлэлцэв. Хоёрдугаар хуралдааныг Эдийн засаг, байгаль орчны чиглэлийн хамтын аюулгүй байдал гэсэн сэдвээр хийж, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын онцгой хэрэгцээ шаардлагыг тусгасан Алматы үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг бэхжүүлэх арга хэрэгсэл болох нь, түүнчлэн тээврийн хөгжилд ЕАБХАБ болон Азийн түнш орнуудын гүйцэтгэх үүрэг роль нь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, тогтвортой байдлыг урагшлуулах арга хэрэгсэл болох нь гэсэн дэд сэдвүүдийг хэлэлцүүлцсэн болно. Хуралдааны гуравдуугаар хэсгийн хүрээнд аюулгүй байдалд учирч болох заналхийлэл (cross-dimensional threats to security)-ийн талаар хэлэлцэж, шүүхийн шинэчлэл, цагдаагийн байгууллага, хилийн аюулгүй байдал, менежментийн асуудал, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх зэрэг асуудлаар хэлэлцүүлэг явуулсан. Түүнчлэн ардчилал, хүний эрх, үндсэн эрх чөлөөг дэмжих нь аюулгүй байдал, тогтвортой байдлын бүрэлдэхүүн хэсэг болох талаар авч хэлэлцэв.

Бага хурлын төгсгөлд цаашид авч хэрэгжүүлж болох арга хэмжээнүүдийн талаар тус бага хурлын дарга тодорхой зөвлөмж, санал гаргаж, тэдгээрийг төлөөлөгчид сайшаан дэмжсэн байгаа. Эдгээр зөвлөмж, саналд манай улстай холбоотой хэд хэдэн чухал асуудал тусгагдсан. Тухайлбал, Азийн түнш орнууд, түүний дотор манай улс өөрийн шинжээчдийг аюулгүй байдлын чиглэлээр болдог ЕАБХАБ-ын бүс нутгийн хурал, семинар, сургалтын хөтөлбөрт илүүтэй оролцуулах, ЕАБХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар болон бусад төвд өөрийн шинжээчдийг дадлагажуулах боломжийг цаашид ашиглаж байх тухай зөвлөмж гарсан.

Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын шинэ түнш орны хувьд аюулгүй байдлын асуудлаар Монгол улс тус байгууллагатай хамтран анхны бага хурлыг амжилттай зохион байгуулж байгааг олон төлөөлөгч сайшаан тэмдэглэж байв.

Транс-Ази, Евроазийн дамжин өнгөрөх тээврийг Төв Азиар дамнуулан хөгжүүлэх 2015 он хүртэлх төлөв байдлын асуудлаар 2007 оны 10 сарын 23-24-нд Душанбе хотноо болсон ЕАБХАБ-ын бага хуралд ГХЯ-ны Гэрээ эрх зүйн газрын зөвлөх Г.Сэсээр, ОТХАГ-ын зөвлөх Г.Батжаргал, Төв Азийн бүс нутгийн хүрээлэн буй орчны аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн тулгамдсан асуудлууд сэдвээр 10 сарын 30-31-нд Узбекстаний нийслэл Ташкент хотноо болсон ЕАБХАБ-ын бага хуралд Байгаль орчны яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын орлогч дарга Г.Батсайхан, мөн яамны харьяа Дэвшилтэт технологийг дэмжих төвийн дарга Ц.Нямдорж, ЕАБХАБ-ын Эдийн засаг, байгаль орчны үйл ажиллагааг зохицуулах албанаас Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцийн болон Дэлхийн цаг уурын байгууллагатай хамтран Төв Азид гантай тэмцэх бүсийн төв байгуулах асуудлаар 11 сарын 20-21-ний өдрүүдэд Ташкент хотноо зохиогдсон семинарт Казахстан улсад суугаа Элчин сайд Р.Хатанбаатарыг тус тус ЕАБХАБ-ын зардлаар оролцуулсан нь Улаанбаатарт хийсэн хамтарсан бага хурлын үеэр хэлэлцсэн эдийн засаг, байгал орчны аюулгүй байдлын асуудлуудыг шийдвэрлэх, уг хурлын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг урагшлуулахад чухал ач холбогдолтой байлаа.

2007 оны 11 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Мадрид хотноо болсон ЕАБХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын 15 дугаар хуралдаанд Гадаад хэргийн сайдын тусгай төлөөлөгч, ГХЯ-ны ОТХАГ-ын дэд захирал П.Гансүх тэргүүтэй төлөөлөгчид оролцсон. Хуралдааны үеэр манай төлөөлөгчид 11 дүгээр сарын 28-ны өдөр Хамтын ажиллагааны Азийн түнш орнуудын уулзалтыг даргалан Азийн түнш орнуудын хамтарсан баримт бичгийн төслийг хэлэлцэн тохирох, Гурвалсан удирдлагатай уулзахад Азийн түнш орнуудын нэрийн өмнөөс хамтын ажиллагааны талаарх нэгдсэн байр суурийг илэрхийлэхэд тэргүүлэх үүрэгтэйгээр анх удаагаа оролцсон нь тус байгууллагын үйл ажиллагаанд оролцоход туршлага хуримтлуулахын хамт манай улсын идэвхитэй үйл ажиллагааг харуулсан чухал алхам болсон.