Иргэний бүртгэл

Mongolian

Монгол Улсаас Австри Улсад суугаа Элчин сайдын яам Австрид сурч, ажиллаж буй нийт монгол иргэддээ хандан иргэний бүртгэл хийлгэхийг уриалж байна.

Гадаад улс оронд аж төрж буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах явдлыг бэхжүүлэх арга хэмжээ авах тухай Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт заасан юм.

Вена дахь ЭСЯ Австрид амьдран сууж буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах асуудалд анхааран, тэдэнтэй ойр байж, санал хүсэлтийг нь тухай бүр сонсож барагдуулах, тэдний дунд соёл, сурталчилгааны бололцоотой арга хэмжээ зохиох зэргээр ажиллаж байгааг Та бүхэн мэдэх билээ. Ийнхүү ажиллахад Та бүхэнтэй холбоо барих хаяг, утас бидэнд бас хэрэг болдог. Та бүхний ар гэр, эх орны холбогдох байгууллагаас холбоо барихыг бас хүсдэг.

Австри болон тус ЭСЯ-ны хавсран суугаа Итали, Хорват, Словени, Босни-Херцеговина улсад оршин суугаа Монгол Улсын иргэн хэн боловч ямар ч асуудлаар төрөө төлөөлж буй ЭСЯ-ндаа хандах эрхтэй, ЭСЯ та бүхэнд туслалцаа үзүүлэх үүрэг хүлээдэг. Танай гэр бүлийн гишүүд, төрөл төрөгсөд, найз нөхөд чинь та бүхний аль нэгтэй холбоо барих, эсвэл утас, хаягийг чинь лавлаж мэдэх шаардлага голчлон гачигдлын улмаас гарч байдгийг анзаардаг биз ээ.

Иргэд та бүхэнтэй байнгын холбоотой байж, соёл, олон нийт, сурталчилгаа, танин мэдэхүйн чиглэлээр тодорхой ажил зохиох, иргэдтэйгээ хамтран ажиллах төрийн бодлогыг тодорхойлох, шаардлагатай үед хууль, эрх зүйн туслалцаа үзүүлж, иргэн Таны эрх ашгийг хамгаалахын тулд юуны өмнө Таны хаяг, утасны үнэн зөв бүртгэл чухал үүрэгтэй нь ойлгомжтой. Иргэн хүн төрийн байгууллагадаа бүртгүүлэх нь нэр төрийн хэрэг бөгөөд эх оронтой, эзэнтэй хүн гэдгийн нотолгоо мөн билээ.