Мaнсууруулах бодис, гэмт хэргийн асуудал эрхэлсэн НҮБ-ын алба

Mongolian

МОНГОЛ УЛС, МАНСУУРУУЛАХ БОДИС, ГЭМТ ХЭРГИЙН АСУУДАЛ
ЭРХЭЛСЭН НҮБ-ЫН АЛБА /МБГХА/-ЫН ХАРИЛЦАА,
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ЛАВЛАХ

Манай улс анх 1998 оны 9 дүгээр сард НҮБ-ын тус Албанд хандаж, гэмт хэрэг, хар тамхитай тэмцэх чиглэлээр үндэсний хөтөлбөр, холбогдох хууль боловсруулахад эрх зүйн туслалцаа авах, улмаар хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан шүүх, цагдаа зэрэг хууль, хүчний байгууллагуудыг бэхжүүлэх, зохих лаборатори, тоног төхөөрөмж авах, хүн сургах чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгч, техникийн туслалцаа үзүүлэхийг хүссэн байна.

1999 оны 9 дүгээр сард дээрх Албаны мэргэжилтний хэсэг манайд ирж олон улсын гэрээ, хэлэлцээрийн заалтууд хэрхэн хэрэгжиж байгаатай танилцаад зөвлөмж гаргасан байна. Зөвлөмжид НҮБ-ын 1988 оны конвенцид заагдсан химийн урвалж-эфедрин хэмээх бодист тавих хяналтыг чангатгахыг манай Засгийн газарт хүсээд тус конвенцид нэгдэн орох бэлтгэлийг түргэтгэхийг зөвлөсөн байна. Мөн мансууруулах бодис хил давуулан хууль бус наймаа хийх аливаа оролдлогыг таслан зогсооход чиглэсэн үйл ажиллагаагаа идэвхжүүлэх үүднээс манай улсыг техникийн хамтын ажиллагааны хүрээнд хандивлагч орнуудтай илүү нягт хамтран ажиллах боломжтой гэж үзсэн байна.

Үүний үр дүнд 2000 онд тус Албатай харилцах Үндэсний зөвлөл байгуулагдаж, Засгийн газар “Хар тамхи, мансууралтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс МБГХА-наас гадна АНУ, Япон, Турк зэрэг улсын мэргэжлийн албатай хамтран сургалт, семинар зохион байгуулах, тоног төхөөрөмжийн туслалцаа авах хэлбэрээр хамтран ажиллаж иржээ. 2001 оны эхээр УИХ Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоор хууль бус наймаа хийхийн эсрэг НҮБ-ын 1988 оны Конвенцийг соёрхон баталсан байна.

2001 оны 5 дугаар сард Гадаад хэргийн сайд Л. Эрдэнэчулуун Вена дахь НҮБ-ын салбар төвд айлчлахдаа тус Албаны Гүйцэтгэх захиралтай уулзаж, цагдаа, гаалийн ажилтнуудад сургалт зохион байгуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Үндэсний зөвлөлийн чадавхийг сайжруулах, криминалистикийн төвийн лабораторийг шинэчлэн тоноглох, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцид Монгол Улс нэгдэн орох бэлтгэлийг хангах, улмаар түүнийг хэрэгжүүлэх, дотоодын хууль тогтоомжийг түүнд нийцүүлэх зэрэг чиглэлээр техникийн хамтын ажиллагааг эхлүүлэх, уг Албанаас мэргэжилтний хэсгийг 2001 онд багтаан Монголд ирүүлэх, Гүйцэтгэх захирлыг Монголд айлчлуулахаар ярьсан байна. Энэхүү улзалтын мөрөөр Вена дахь НҮБ-ын Олон улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төвийн ахлах мэргэжилтэн ноён Эдгардо Баскаглиа 2002 оны 10 дугаар сарын 14-18-нд Улаанбаатарт ирж ажилласан.

НҮБ-ын мансууруулах бодисын хяналтын хөтөлбөрийн санхүүжилттэйгээр (13.870 ам.доллар) ДОХ-тэй тэмцэх Монголын үндэсний сан Монгол улс дахь ХДХВ-ДОХ ба хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, нөхцөл байдлын судалгаа мэдээллийн товхимолыг 2001 онд гаргажээ.

УИХ-аас 2002 оны 11 дүгээр сарын 28-нд “ Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих тухай” хуулийг баталж, уг асуудлаар Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан Байнгын зөвлөлийг байгуулсан байна. Эрүүл мэндийн сайд П. Нямдаваа 2003 оны 5 дугаар сарын 23-нд тус албаны шинэ Гүйцэтгэх захирал Антонио Мариа Коста-тай уулзаж, дээрх зөвлөлийн ажилд туслалцаа хүссэн. А.Коста энэ чиглэлээр туслалцаа үзүүлэхэд анхаарахаа илэрхийлээд Япон, Солонгос, Голланд зэрэг улстай мөн хамтран ажиллахыг зөвлөсөн байна. Сайд П.Нямдаваа Гүйцэтгэх захирал А. Костаг Монгол Улсад айлчлахыг амаар урьж, албан ёсны урилгыг Ерөнхий сайдаас илгээсэн байгаа.

2003 оны 6 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Вена хот дахь НҮБ-ын салбар төвд айлчилж, тус Албаны Гүйцэтгэх захирал А.Коста-тай уулзаж, Монгол Улс болон МБГХА-гийн цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал бодлоо солилцсон.
2003 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Вена хотноо Монгол Улсын Засгийн газар, МБГХА хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, МБГХА-ны Гүйцэтгэх захирал А.Коста нар гарын үсэг зурсан. Уг Санамж бичигт МБГХА-гаас Монгол улс дахь мансууруулах бодис, гэмт хэргийн нөхцөл байдалд шуурхай үнэлгээ хийх, энэ чиглэлээрх манай үндэсний хөтөлбөрийг хянаж шинэчлэх, НҮБ-ын холбогдох конвенциудад манайхыг нэгдэж ороход дэмжлэг үзүүлэх талаар тодорхой заалтууд орсон байгаа.

2004 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Вена дахь НҮБ-ын салбар төвд суух Байнгын төлөөлөгчөөр томилогдсон Элчин сайд Л.Энхтайван тус төвийн Ерөнхий захирал, МБГХА-ны Гүйцэтгэх захирал А.Коста-д итгэмжлэх захидлаа барьсан. Ийнхүү Вена хотноо манай БТГ үйл ажиллагаагаа эхэлснээс хойш тус байгууллагын гол арга хэмжээнүүдэд оролцоход анхаарч ажиллаж байна.

МБГХА-ны ажилтан Д.Солонго оролцсон тус Албаны ажлын хэсэг 2004 оны 5 дугаар сарын 3-7-нд Улаанбаатар хотноо ирж ажилласан. Тэд олон улсын хэмжээнд терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг, мөнгө угаахын эсрэг явуулж буй үйл ажиллагааны талаар сургалт зохион байгуулж, энэ чиглэлд манай улсаас ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тухайлбал олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдэн орох асуудлаар зөвлөмж өгөв.

МБГХА-аас “Терроризмын эсрэг олон улсын түгээмэл баримт бичгүүдийн талаархи эрх зүйн хэрэгжилт” сэдвээр Узбекстаны нийслэл Ташкент хотноо 2005 оны 4 дүгээр сарын 5-7-нд зохион байгуулсан олон улсын семинарт Монголоос 3 төлөөлөгч зохион байгуулагч талын зардлаар оролцжээ. Мөн МБГХА-аас дээрхи сэдвээр 2005 оны 8 дугаар сарын 28-31-нд Улаанбаатар хотноо үндэсний семинарыг амжилттай зохион байгуулав.

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр 2006 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Вена дахь НҮБ-ын салбар төвд зочилж тус төвийн Ерөнхий захирал, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны гүйцэтгэх захирал А. Коста, холбогдох газар хэлтсийн дарга нартай уулзсан. Хоёр тал хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашид авч хэрэгжүүлэх тодорхой алхмуудыг тохирсон нь ихээхэн ач холбогдолтой болсон.

2006 онд болсонх НҮБ-ын Мансууруулах бодисын хорооны 49 дүгээр хуралдаан, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн шүүхийн комиссын 15 дугаар хуралдаан, Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын конвенцийн оролцогч талуудын 3 дахь чуулга уулзалт зэрэг арга хэмжээнд Байнгын төлөөлөгч Л.Энхтайван оролцсон.

2006 оны 12 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Иордан улсад зохион байгуулсан Авилгалын эсрэг НҮБ-ийн Конвенцийн оролцогч талуудын анхдугаар бага хуралд Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Д.Зүмбэрэллхам оролцсон болно.