Олон улсын атомын энергийн агентлаг

Mongolian

МОНГОЛ УЛС, ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГ /ОУАЭА/
ХООРОНДЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

 

ОУАЭА-ИЙН ТУХАЙ

Олон улсын атомын энергийн агентлаг /ОУАЭА/ цөмийн технологийг энхийн зорилгоор ашиглах салбар дахь хамтын ажиллагааны дэлхийн тэргүүлэх форум юм. НҮБ-ын системийн хүрээнд 1957 онд байгуулагдсан уг Агентлагийн гол зорилго нь цөмийн технологийг нийгмийн тусын тулд зүй зохистой ашиглахыг дээд зэргээр нэмэгдүүлэхийн сацуу түүнийг энхийн зорилгоор ашиглаж байгаа эсэхийг шалгахад оршиж байна. Өнөөдрийн байдлаар Агентлаг 149 гишүүнтэй.

ОУАЭА-ийн Нарийн бичгийн дарга нарын газар /НБДГ/ Австрийн нийслэл Вена хотноо байрладаг. Агентлаг нь Женев, Нью-Йорк, Торонто, Токио зэрэг хотод зохицуулах болон бүсийн салбартай. Агентлагийн судалгааны төв, лаборатори Монако, Австрийн Зайберсдорф, Италийн Триестэд байрладаг. ОУАЭА-ийн санхүүгийн эх үүсвэр нь байнгын төсөв болон сайн дурын хандив гэсэн хоёр хэсгээс бүрддэг. 2007 онд байнгын төсвийн нийт хэмжээ 284 сая евро байна.

ОУАЭА, НҮБ-ын харилцааг 1957 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тусгай хэлэлцээрээр зохицуулдаг. ОУАЭА-ийн дүрэм ёсоор тус Агентлаг НҮБ-ын Ерөнхий Ассамблейд жил бүр үйл ажиллагааныхаа талаар илтгэл оруулж, шаардлага гарваас аливаа улс Агентлагтай байгуулсан Баталгааны тухай хэлэлцээрээр хүлээсэн үүргээ сахин биелүүлэхгүй байгаа тохиолдолд Аюулгүйн Зөвлөлд илтгэл оруулдаг юм.

2005 онд ОУАЭА болон түүний Ерөнхий захирал Мохамед ЭльБарадей Нобелийн энх тайвны шагнал хүртсэн. Уг шагналыг “цөмийн эрчим хүчийг цэргийн зорилгоор ашиглахыг сэрэмжлэх, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор аюулгүй ашиглах явдлыг хангах талаар хүч чармайлт тавьсны төлөө“ олгосон. Байгууллагын бүтэц, зохион байгуулалт

ОУАЭА-ийн удирдах байгууллага нь Ерөнхий бага хурал болон Захирагчдын зөвлөл байна. Агентлагийн гишүүн бүх улсын төлөөлөгч Ерөнхий бага хуралд оролцдог. Захирагчдын зөвлөл 35 гишүүнээс бүрддэг бөгөөд эдгээрийн 13-ыг Зөвлөлөөс томилдог, 22-ыг Ерөнхий бага хурлаас сонгодог байна.

Ерөнхий бага хурал. Гишүүн бүх улсын төлөөлөл байдаг Ерөнхий бага хурал жилд нэг удаа хуралддаг. Чингэхдээ ОУАЭА-ийн хөтөлбөр, төсөв зэргийг баталж, Агентлагийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, мөн Захирагчдын зөвлөл, Ерөнхий захирал, гишүүн орнуудын танилцуулсан төрөл бүрийн асуудлыг авч хэлэлцдэг.

Захирагчдын зөвлөл. Захирагчдын зөвлөл жилд таван удаа хуралддаг. Зөвлөл нь ОУАЭА-ийн төсөв, хөтөлбөрийн талаар Ерөнхий бага хуралд зөвлөмж гаргах, Агентлагт гишүүнээр элсэх өргөдлийг авч үзэх, цөмийн аюулгүй байдлын талаарх ОУАЭА-ийн хэм хэмжээг нийтлэх, Баталгааны тухай хэлэлцээрүүдийг батлах зэрэг үүрэгтэй ажээ.

Нарийн бичгийн дарга нарын газар. 2300-аад ажилтантай НБДГ нь Агентлагийн удирдах байгууллагуудын баталсан хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй. НБДГ-ыг Ерөнхий захирал тэргүүлдэг. Тэрээр захиргааны гол албан тушаалтан бөгөөд дөрвөн жилийн хугацаатай томилогдоно. Түүнд дараах зургаан газрыг тэргүүлэх Ерөнхий захирлын орлогчид тусалдаг.

Үүнд:

  • Техникийн хамтын ажиллагааны газар – цөмийн технологи шилжүүлэх болон тогтвортой хөгжил;
  • Цөмийн энергийн газар - цөмийн эрчим хүч, түлшний орчил, хаягдалтай харьцах нь;
  • Цөмийн аюулгүй байдлын газар - цөмийн аюулгүй байдал, цацрагийн аюулгүй байдал, хаягдлын аюулгүй байдал;
  • Цөмийн шинжлэх ухааны газар - цөмийн технологийг эрүүл мэнд, хөдөө аж ахуй, аж үйлдвэр болон бусад салбарт хэрэглэх нь;
  • Баталгааны газар - цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглаж байгаа эсэхийг шалгах нь;
  • Удирдлагын газар – захиргаа, удирдлагын асуудлууд.

ОУАЭА-ийн үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээ ОУАЭА баталгаа ба хяналт шалгалт, цөмийн аюулгүй байдал, цөмийн шинжлэх ухаан ба технологи зэрэг гурван чиглэлээр ажилладаг. Баталгаа ба хяналт шалгалт. ОУАЭА-ийн баталгаа нь цөмийн технологи ашиглаж буй улс орнууд цөмийн зэвсэг нууцаар бүтээхийг сэрэмжлэх зорилготой юм. Цөмийн зэвсэггүй бүх улс ОУАЭА-тай Иж бүрэн баталгааны тухай хэлэцээр байгуулж, цөмийн бүх материалаа тус агентлагийн хяналтад оруулахаар Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд заажээ. Аливаа улс Агентлагтай Баталгааны тухай хэлэлцээр байгуулснаар өөрийн цөмийн материал, үйл ажиллагааны талаар Агентлагт мэдээлэх үүрэг хүлээдэг юм. Харин ОУАЭА нь экологийн мониторинг, хиймэл дагуулаас авдаг дүрсийг ашиглах, газар дээр нь шалгалт хийх зэргээр тухайн улсын өгсөн мэдэгдэл хэр зөв, бүрэн дүүрэн болохыг хянаж шалгана. Одоогийн байдлаар 150 гаруй улс Агентлагтай Баталгааны тухай хэлэлцээр байгуулсан байна.

Цөмийн аюулгүй байдал. Цөмийн аюулгүй байдлын асуудлаарх ОУАЭА-ийн хөтөлбөрт дараах чиглэл багтана.

Үүнд:

  • Цөмийн байгууламжийн аюулгүй байдлыг хангах, цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх, цацраг идэвхт эх үүсвэрийн бүрэн бүтэн байдлыг хангах, цацраг идэвхт хаягдалтай харьцах зэрэг асуудлаар хэм хэмжээ тогтоож, заавар журам гаргах. Тухайлбал, Агентлаг нь атомын цахилгаан станцыг төлөвлөх, ашиглах, станц байрлах талбай сонгох тухайд заавар журам гаргажээ. Дэлхийн олон орон цөмийн аюулгүй байдлын талаарх ОУАЭА-ийн зөвлөмжид тулгуурлан дотоодын хэм хэмжээ, дүрэм журмаа боловсруулдаг юм байна.
  • Цөмийн, цацраг идэвхт бусад материал, цөмийн байгууламжийг хууль бусаар эзэмших, ашиглах, шилжүүлэх, хил давуулах зэрэг үйлдлээс урьдчилан сэргийлэх, түүнийг илрүүлэх, мөн цөмийн байгууламж, тээврийг хорлон сүйтгэх ажиллагаанаас хамгаалах зэрэгт улс орнуудад туслалцаа үзүүлэх.

Цөмийн шинжлэх ухаан ба технологи. ОУАЭА тогтвортой хөгжлийг хангахад цөмийн шинжлэх ухаан, технологийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхээр ажилладаг. Уг үйл ажиллагаа нь гурван чиглэлээс бүрдэнэ .

Үүнд:

  1. Шинжлэх ухаан ба хөгжил – хөгжиж буй орнуудад тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд цөмийн шинжлэх ухаан, технологийг ашиглах талаар судалгаа хийх;
  2. Эрчим хүч - эрчим хүчний хэрэгцээгээ тодорхойлох, цөмийн эрчим хүч хөгжүүлэхэд гишүүн орнуудад туслалцаа үзүүлэх;
  3. Техникийн хамтын ажиллагаа - анагаах ухаан, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, усны нөөцийн менежмент болон аж ахуйн бусад салбарт ашиглуулахаар гишүүн орнуудад цөмийн технологи шилжүүлэн өгөх.

ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөр /ТХАХ/-өөр дэлхийн 100 гаруй оронд жил бүр 70 орчим сая ам.долларын өртөг бүхий тоног төхөөрөмж нийлүүлж, сургалт явуулдаг нь ОУАЭА-ийн гишүүн орнуудын мэргэжилтнүүдийг тэтгэлэгт хөтөлбөр, танилцах дадлагад хамруулах, тэдгээрт мэргэжилтэн томилж ажиллуулах, тоног төхөөрөмжөөр хангах гурван үндсэн чиглэлийг хамардаг юм. ТХАХ-ийг ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны газраас хэрэгжүүлдэг.
Агентлагийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн дүнд хөгжиж буй 100 гаруй улс хөдөө аж ахуй, усны нөөц, хүн амын эрүүл мэнд, физик, химийн шинжлэх ухаан, байгаль орчин болон аж үйлдвэрийн технологийн салбарт цөмийн технологи нэвтрүүлэх боломжтой болжээ. Эдгээрийн заримыг нь сийрүүлбэл: Эрүүл мэндийн салбар. Хөгжингүй улс орнуудад эмнэлэгт эмчлүүлж буй гурван өвчтөн бүрийн нэгд цөмийн технологи ашигласан оношлогоо тавьж, эмчилгээ хийдэг. ОУАЭА нь цөмийн анагаах ухааныг хөгжиж буй 40 гаруй улсад нэвтрүүлсэн бөгөөд шаардлагатай дэд бүтэц бий болгоход ихээхэн хөрөнгө оруулжээ. Жишээ нь 1991 оноос хойш ОУАЭА цөмийн анагаах ухааны хэрэглээнд зориулан 50 орчим гамма камер нийлүүлсэн байна.

Хорт хавдар эмчлэхэд долгионы эмчилгээ нилээд сайн үр дүн өгөх боловч ийм эмчилгээ хийхэд шаардагдах тоног төхөөрөмж болон холбогдох ажилтнуудыг дадлагажуулах зардал өндөр үнэтэй байдаг. 1989 оноос хойш ОУАЭА энэ салбарт нийтдээ 61 улсад үндэсний 105, бүс нутгийн 22 төсөл хэрэгжүүлэхэд ойролцоогоор 33 сая ам. доллар зарцуулсан байна. Одоогоор хэрэгжүүлж буй томоохон төслүүд гэвэл, Этиоп, Намиби, Никарагуа, Монгол Улсад долгионы эмчилгээний үндэсний төвийг байгуулж байна. Хүнс, хөдөө аж ахуйн салбар. ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тоо болон чанарын хувьд хэд хэдэн арга замаар дээшлүүлэхэд цөмийн технологи чухал ач холбогдолтой.

Үүнд:

  • Ургацын хэмжээг нэмэгдүүлэх үүднээс хөрс, ус, тэжээлийг тэнцвэржүүлнэ. Цөмийн технологи нь Египет, Сири Улсын фермеруудад ургацын хэмжээг алдахгүй байх усалгааны систем бий болгох, урьд хэрэглэж байсан усны хэмжээний гуравны нэгийг хэмнэх боломжийг олгожээ.
  • Халдварт өвчин, хорт шавьжинд тэсвэртэй ургамал бий болгоно. Цөмийн технологи хэрэглэснээр будаа зэрэг ургамлын шинэ төрөл бий болгосон байна. Ийм шинэ төрөл нь энгийн сортоос эрт боловсордогоороо давуу талтай юм.
  • Малын гаралтай бүтээгдэхүүн болон түүний эрүүл ахуйн байдлыг сайжруулна. Цөмийн технологийг хөгжиж буй 70 гаруй улсад малын тоо толгойг нэмэгдүүлэх, түүнчлэн мал сүргийн эрүүл ахуйн байдлыг сайжруулах зорилгоор мал сүргийг хооллох арга техникийг боловсронгүй болгоход ашиглаж байна. Энэ технологийг мал сүрэгт учирч болох халдварт өвчний оношлогоонд мөн нэвтрүүлж байна.
  • Хорт шавьжны тархалтад хяналт тавьж, түүнийг устгана. Цөмийн технологийг хөгжиж буй улсуудын фермерууд ОУАЭА-ийн тусламжтайгаар хорт шавьж устган ариутгах техник болгон ашиглаж байна. Тухайлбал цацрагаар ариутгасан эр шавьжийг халдварт өвчний голомтод оруулснаар эдгээр эр шавьж байгальд эм шавьжтай хавьтахад тэд огт үржихгүй. Ингэснээр халдварт өвчний тархалт буурч, энэ аргыг дахин хэрэглэснээр уг өвчин бүрмөсөн устана. Байгаль орчинд хоргүй энэ өвөрмөц аргыг Газрын дундын тэнгис орчмын улсуудад ургамлын ялааны эсрэг амжилттай хэрэглэжээ.

Усны менежментэд зориулсан изотопын гидрологи. Цөмийн технологи нь усны нөөцийн менежментэд чухал хувь нэмэр оруулж чадна. Изотопын гидрологи хэрэглэснээр гол мөрөн, нуур цөөрөм, хөрсний ус мэт янз бүрийн орчин дахь усны тоо хэмжээ, хөдөлгөөн, эх үүсвэрийн талаар мэдээлэл авах боломжтой юм. Хөгжиж буй улс орнууд ОУАЭА-тай хамтран ажилласаны дүнд изотопын техникийг өөрийн улсын усны менежментийн хөтөлбөрүүдэд хэрэгжүүлдэг болжээ.

Нэг жишээ дурдахад Египет Улсын Нил мөрний хөрсний гүехэн усанд изотопын аргаар хийсэн шинжилгээгээр гүний усны шинэ нөөц илрүүлснээр бүс нутгийн усны хангамжийг 20 хүртэл хувиар нэмэгдүүлжээ.

Перу Улсын Лима хотод тундас маш бага унадаг учир хотын оршин суугчдын усан хангамж нь Андын нуруунаас эх авдаг гол мөрнөөс бүрэн хамааралтай байдаг. Гэтэл хотын хүн ам олширсноор уламжлалт усан хангамж буурч, улмаар бохирдсон байна. Үүнтэй холбогдуулж тус нутагт изотопын технологи хэрэглэснээр Андын нурууны нөгөө талд орших хаягдсан зэсийн уурхайгаас усны шинэ эх үүсвэр илрүүлжээ. Одоогоор Лима хотын оршин суугчдын усан хангамжийн 15 хувийг энэ эх үүсвэрээр хангаж байна.

Өнгөрсөн 10 жилийн дотор ОУАЭА-аас хөгжиж буй 60 гаруй улсад ойролцоогоор 20 сая ам. долларын өртөг бүхий 150 гаруй изотопын гидрологийн төсөл хэрэгжүүлжээ.

Монгол, ОУАЭА-ийн хамтын ажиллагааны тухай

Монгол Улс 1973 онд ОУАЭА-ийн гишүүн болж, 1975 оноос хойш Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт хамрагдаж ирлээ. Энэ хөтөлбөрийн шугамаар манай улс 1975-2005 онд 9 сая 730500 ам. долларын тусламж авсан. Тухайлбал, цөмийн технологийг хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, геологи, уул уурхай, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухааны салбарт нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалтыг бэхжүүлэх чиглэлээр мэргэжлийн зөвлөлгөө, багаж төхөөрөмж авах зэргээр тус агентлагтай хамтран 45 төсөл хэрэгжүүлж, мэргэжил дээшлүүлэх сургалтад 130 орчим хүн оролцуулсан болно. Энэ тусламжийн хүрээнд төрийн байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулийн дэргэд нийт 10 гаруй лаборатори байгуулжээ.

Техникийн хамтын ажиллагааг энэ түвшинд хүргэхэд 1984 онд манай улсад айлчилсан ОУАЭА-гийн тухайн үеийн Ерөнхий захирал Ханс Бликсийн айлчлал чухал хувь нэмэр оруулсан гэж үздэг. Тус айлчлалын дараа манай улс ОУАЭА-гийн Захирагчдын Зөвлөлд 1985-1987 онд сонгогдон ажилласан.

Агентлагийн зүгээс техникийн хамтын ажиллагааны хүрээнд 2007-2008 онд Монгол улсад хэрэгжүүлэх шинэ 6 төслийг 2006 онд батласан. Ингэснээр эдгээр төслийн санхүүжилтэд Агентлагаас 2007 онд 536968 ам.доллар, 2008 онд 466159 ам доллар нийтдээ 1 сая гаруй ам.долларыг зарцуулахаар болсон.

Тусламжийн 56 хувийг нь тоног төхөөрөмж авахад, 26,1 хувийг нь сургалтын зардалд, 17,8 хувийг мэргэжилтний зардалд тус тус зарцуулжээ. Авсан тусламжийг тодорхой чиглэлээр авч үзвэл, хөдөө аж ахуйд хамгийн их хувь буюу 25% ногдож байгаа бөгөөд дараа нь эрүүл мэндийн салбар (18%), цөмийн хими (16%), цөмийн физик (11%), цацрагаас хамгаалах (10%), аж үйлдвэр ба ус судлал (6%) орж байна.

Монгол Улс 1992 онд Цөмийн шинжлэх ухаан, технологийн судалгаа, хөгжил, сургалтын Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны Гэрээнд (АНДБХАГ) нэгдэн орсон. 2005, 2007 онд Улаанбаатар хотноо Цөмийн энергийн комисс, Улсын мэргэжлийн хяналтын газраас ОУАЭА-тай хамтран “Цацрагийн үүсгүүрт хяналт тавих үндэсний дэд бүтцийг бэхжүүлэх” төслийн бүсийн зохицуулах хурал зохион байгуулсан нь манай улсад тус агентлагийн шугамаар бүсийн хэмжээнд хийсэн томоохон ажил болсон юм.

Манай улс жил бүр гишүүний татвар, авсан техникийн хамтын ажиллагааны тусламж (ТХАТ)-ийн өртгийн 5 хувьтай тэнцэх шимтгэл тус тус төлдөг.

Орны хөтөлбөрийн цар хүрээ

ОУАЭА нь ТХАХ-ийг хэрэгжүүлж буй гишүүн орон бүртэй хамтын ажиллагааны дунд хугацааны (4-5 жил) стратегийг тодорхойлсон хөтөлбөр байгуулдаг. Монгол Улс Орны хөтөлбөрийн цар хүрээг ОУАЭА-тай 1999 онд байгуулсан юм. Энэ цар хүрээгээр хамтран ажиллах хэд хэдэн гол салбарыг тодорхойлсон.

Үүнд:
1. Хөдөө аж ахуй

Манай эдийн засгийн гол салбар болох мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд малын өвчин болон тэжээлийн хомсдолд хяналт тавих зайлшгүй шаардлагатай тул дараах чиглэлд анхаарлаа төвлөрүүлнэ. Үүнд:

  • Мялзан, бурцеллёз зэрэг малын өвчнийг бүрмөсөн устгах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх;
  • Малын ашиг шим, бүтээмжийг сайжруулах үүднээс нэмэлт тэжээлээр хангах.

Газрын доройтол нь үр тарианы үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд гол саад учруулж байна. Иймд хөрсний үйллдвэрлэлийг сайжруулах үүднээс Засгийн газар гадаадаас импортолдог азот хийн бордоог орлохуйц био бордоог дотооддоо үйлдвэрлэх зорилт тавьж, ризобиум био бордоог их хэмжээгээр үйлдвэрлэн газар тариаланд өргөн ашиглахыг анхаарна.

2. Усны нөөцийг хөгжүүлэн ашиглах

УИХ-аас Усны үндэсний хөтөлбөр баталснаар, усны нөөцийг хамгаалж, зүй зохистой хэрэглэх, гүний усны нөөцийг тогтоон, ус зөөлрүүлэх технологи бий болгохыг анхааран ажиллаж байна. Изотопын усан судлал энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой юм. Үүнтэй холбогдуулан доорх чиглэлийг чухалчлан авч үзнэ:

  • Гүний усыг судлан түүний чанарыг шалгах, ашиглалтын зүй зохистой хэрэглээ бий болгох

3. Хүн амын эрүүл мэнд

Одоогоор манай оронд ашиглаж буй долгионы онош зүй, эмчилгээнд хэрэглэдэг тоног төхөөрөмж нь шаардлага хангахуйц хэмжээнд байж чадахгүй байгаа учир дараах чиглэлийг анхаарч байна.

Үүнд:

  • Хорт хавдар болон бусад өвчнийг эмчлэх зорилготой долгионы эмчилгээ, туяаны оношлогоо, цөмийн анагаах ухааны орчин үеийн тоног төхөөрөмж нийлүүлэх;
  • Долгионы эмчилгээ, туяаны оношлогоо, цөмийн анагаах ухааныг ашиглахад хяналт тавих;
  • Хүүхдийн тэжээлийн доройтол;
  • Анагаах ухааны физикт дадлагажуулах.

4. Ураны нөөцийн судлал, түүний олборлолт

Монгол Улс ураны нөөцөөрөө баялаг тул ураныг арилжааны зорилгоор үйдвэрлэх бүрэн боломжтой. Манай улс 1988 оноос уран үйлдвэрлэж эхэлсэн ч олон улсын зах зээлд ураны үнэ бага байсантай холбогдуулан үйлдвэрлэхээ зогсоожээ. Харин саяхан ураны үйлдвэрлэлийг сэргээх үүднээс ураны үндэсний хөтөлбөр боловсруулав. Манай ураны нөөцийн тухай мэдээллийг 1994 онд «Улаан номд» нийтлүүлснээр манай улстай АНУ, Франц, ОХУ, Канад зэрэг улс энэ чиглэлээр хамтран ажиллах болов. Үүний дүнд 12 сая ам.долларын хөрөнгө оруулалттай аж ахуйн хамтарсан гурван нэгдэл байгуулав. Ингээд ОУАЭА-тай явуулж буй хамтын ажиллагааг ураны нөөцийг судалж, олборлоход төвлөрүүлж байна.

5. Цөмийн шинжлэх ухаан, технологи ашиглах үндэсний чадавхийг бэхжүүлэх

Цаашид анхаарвал зохих чиглэлүүд:

  • Боловсон хүчнийг хөгжүүлэх;
  • Цөмийн технологийг судлан хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • Цөмийн тоног төхөөрөмжид засвар хийх, түүнийг зүй зохистой хадгалах болон хуучирсан тоног төхөөрөмжийг шинэчлэх;
  • Цацрагийн хамгаалалтыг хангах, хаягдлыг зохих журмын дагуу устгах.

6. Эрчим хүчний хэрэгцээ болон цөмийн эрчим хүч

Нүүрсээр ажилладаг үйлдвэрүүдын үйл ажиллагаанаас үүдэн гарсан байгаль орчны бохирдлыг багасгах, мөн цахилгаан дулааны хэрэгцээг хангахад Монгол Улсын Засгийн газар цөмийн эрчим хүч ашиглахыг зорьж байна. Эхний шатанд манай улс ирээдүйд гарах эрчим хүчний хэрэгцээ, улмаар эрчим хүчний хөгжлийн удаан хугацааны стратегийг тодорхойлох, эрчим хүчний хамгийн тохиромжтой эх үүсвэрийг судлах юм. Дараагийн шатанд цөмийн цахилгаан станц ажиллуулах нь ашигтай эсэхийг тогтоох судалгаа явуулна. Үүний сацуу манай улс цацрагийн аюулгүй байдлыг хангах чадавхийг сайжруулахыг онцгой ач холбогдолтойд үзсээр байна. Энэ зорилгоор агентлагтай дараах чиглэлээр хамтран ажиллаж байна:

  • эрчим хүчинд дүн шинжилгээ хийх, эрчим хүчний хөгжлийн удаан хугацааны стратеги боловсруулах;
  • атомын цахилгаан станцыг ажиллуулах ашигтэй эсэхийг тогтоох зорилгоор урьдчилсан судалгаа хийх;
  • цацрагийн аюулгүй байдлын чадавхийг бэхжүүлэх.

ОУАЭА-гийн зүгээс хэрэгжүүлж буй ТХАХ-т Монгол улс идэвхтэй оролцож, улс ардын аж ахуйн төрөл бүрийн салбарт цөмийн шинэ технологи нэвтрүүлэх, цөмийн судалгааг цаашид гүнзгийруулэн хөгжүүлэх, цацрагийн хамгаалалт, цөмийн технологийг аюулгүй ашиглах горим, стандарт боловсруулж нэвтрүүлэх, мөн үүнийг гардан хэрэгжүүлэх үндэсний боловсон хүчин бэлтгэх зэрэг ажилд тусламж авч ирсэн нь үр дүн өгч байна. Гэсэн хэдий ч тусламжийн үр ашгийг нэмэгдүүлэх, ялангуяа түүний ашиглалт, хяналтыг сайжруулах талаар түлхүү анхаарах шаардлагатай байна. Мөн Орны хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээг хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн өөрчлөх шаардлага бий гэж манай улс, Агентлаг хоёулаа үздэг болно.