Монгол улс ЕАБХАБ-ын Аюулгүй байдлын хамтын ажиллагааны чуулга уулзалтыг даргалж байна

21 January 2015
Mongolian

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Аюулгүй байдлын хамтын ажиллагааны чуулга уулзалт 2015 оны анхны хуралдаанаа Австри Улсын нийслэл Вена хотноо 1 дүгээр сарын 20-ны өдөр хийв.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улс ЕАБХАБ-ын Аюулгүй байдлын хамтын ажиллагааны чуулга уулзалтыг даргалах нээлтийн хуралдаанд үг хэлж оролцов. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс тус чуулга уулзалтыг даргалах хугацаандаа баримтлах тэргүүлэх чиглэлүүдийг танилцуулсан байна. Тэдгээрийн хүрээнд Украйны хямралыг энхийн замаар зохицуулах, олон улсын терроризмтой тэмцэх, цөмийн болон үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх зэрэг олон улсын тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцэнэ. Энэ жил Дэлхийн 2 дугаар дайн дууссаны 70 жил, Хирошима, Нагасакид цөмийн бөмбөг хаясны 70 жил, НҮБ байгуулагдсаны 70 жил, ЕАБХАБ-ын үндсэн баримт бичиг болох Хельсинкийн Төгсгөлийн баримт бичгийг баталсны 40 жил зэрэг олон тэмдэглэлт ой тохиож байгаа тул тэдгээр нь чуулганы үйл ажиллагаанд тусгалаа олох болно. Мөн Азийн орны хувьд Монгол Улс Азийн түнш орнуудтай хамтран ажиллах асуудалд онцгой ач холбогдол өгөхөө тэмдэглэн, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар Улаанбаатарын яриа хэлцээг санаачлан эхлүүлээд байгаагаа мэдээлж, эл чиглэлээр цаашид явуулах үйл ажиллагаанд ЕАБХАБ-ын 40 жилийн туршлага, сургамж чухал тус дэм үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Хуралдаанд үг хэлж оролцсон төлөөлөгчид Монгол Улс чуулганыг даргалж байгаад баяр хүргэн өөрсдийн зүгээс дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлэв. Аюулгүй байдлын хамтын ажиллагааны чуулга уулзалт нь аюулгүй байдлын асуудлыг цэрэг, улс төрийн чиглэлээр авч хэлэлцдэг ЕАБХАБ-ын бүтцийн үндсэн нэгж юм. Монгол Улс 2015 оны эхний 4 сарын хугацаанд тус чуулга уулзалтын даргаар ажиллана.

Товч нэмэлт мэдээлэл:

ЕАБХАБ нь Европ, Америк, Азийн 57 улс орныг нэгтгэсэн бүс нутгийн аюулгүй байдлын хамгийн том байгууллага юм. Бүс нутгийн хэмжээнд зэвсэгт мөргөлдөөн, хямралт байдлыг урьдчилан сэргийлэх, зохицуулах, хямралын дараах сэргээн босголтыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг тус байгууллага нь аюулгүй байдлын асуудлыг цэрэг улс төрийн, эдийн засаг ба байгаль орчны, хүний аюулгүй байдлын гэсэн хэмжигдэхүүнүүдээр авч үздэг. Монгол Улс 2004 оны 12 дугаар сард Болгарын нийслэл Софи хотноо болсон Сайд нарын Зөвлөлийн 12 дугаар уулзалтын үеэр ЕАБХАБ-ын Азийн тав дахь түнш улс болсон. 2012 оны 12 дугаар сард Ирландын Дублин хотноо болсон Сайд нарын Зөвлөлийн 19 дүгээр уулзалтаар (2012 оны 11 дүгээр сарын 21-нээс) оролцогч орон буюу бүрэн эрхт 57 дахь гишүүн улс болсон.

Add new comment

Filtered HTML

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Allowed HTML tags: <a> <em> <strong> <cite> <blockquote> <code> <ul> <ol> <li> <dl> <dt> <dd>
  • Lines and paragraphs break automatically.

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.